Цаг хугацааны урсгалтай хамт хүний сэтгэн бодох хурд өөрчлөгдсөөр хүн төрөлхтөн хийе гэснээ хийж чаддаг болжээ. Сансрын уудамд нисэж, өөр гариг ертөнцийн чанадад өөрсдөөсөө дутуугүй ухаалаг робот илгээж, хүн хувилж ...гээд хийхгүй юмгүй л болж. Өдөр тутмын хэрэглээнд ч бид шинэ шинэ зүйлийг сэдсээр, хэрэглэсээр, хэзээнээсээ ийм байсан мэт алхах боллоо.

Тун удахгүй нийтийн хэрэглээнд гарах боломжтой "Нарны такси"-ны талаар та өмнө нь сонсоо биз. Шинэ содон зүйл сэтгэхдээ гаргууд, адал явдал гэхээр амьдралынх нь утга учир мэт санагддаг Луйс Палмер гэгч швейцарь эр "Нарны такси" хүлэглэн давхиж явна. Энэхүү содон сонин машины хамгийн гоц зүйл нь ганц ч дусал шатахуун хэрэглэдэггүй, нарны энергийн тусламжтайгаар явдагт байдаг.

"Solar taxi" нь Германы "Q-Cells" компанийн 5000 ам.долларын үнэ бүхий нарны эрчим хүч шингээх хавтан, 15 мянган ам.долларын өртөг бүхий цэнэглэдэг батарейтай. Өдрийн турш хураасан цэнэгээрээ шөнөөр ямар нэгэн асуудалгүй давхиад байж чадна гэсэн үг. Ажиллах зарчим нь манайхны хөдөөгийн айл бүрийн гадаа байдаг нарны энергиэр ажилладаг цахилгаан үүсгүүртэй адилхан. Ямар ч хол замыг туулах чадвартай гэжээ. Гэхдээ дээд тал нь цагт 53 км хүртэл хурдална гэнэ. Ийм удаан явдаг машинаар яахав дээ гэж голох нэгэн байхад үүнээсээ сэтгэлийн их кайф авдаг хүмүүс ч байдаг бололтой. Гэхдээ л энэ машин нь дэлхийн дээгүүр толгойт инженерүүдийн бүтээл билээ. Мэдээж, яваандаа улам боловсронгуй болж, чиргүүл мэт том нарны эрчим хүч шингээх хавтан нь жижгэрч, илүү хурдан давхидаг болох нь ойлгомжтой. Тэр цагт Улаанбаатарын гудамжаар шар таксины оронд "Нарны такси" зорчиж, тэнгэрт хадаад байгаа шатахууны үнэ навсайтлаа унах буй за.

Одоогоор адал явдал хайгч эр маань "Нарны такси"-гаа хүлэглэн дэлхийг тойрох төлөвлөгөө гаргаад байгаа бөгөөд өнөө жил л гэхэд дэлхийн 28 орноор зорчжээ. Хойтон жил мөн 80 хоног дэлхийгээр хэрэн хэсэхээр товлож суугаа аж.