Компьютерийн системд процесс нь хоёр шинж чанарын нийлмэл цогц гэж ойлгож болно. Эдгээрийн шинж чанар нь :
 Нөөцийг эзэмшигч
 Ажиллагч юм

Процесс нь өөрийн нөөцийг эзэмшигч шинж чанараар эзэмшиж буй бүх нөөцийн хэлбэр, байршил гэх мэт параметрыг дүрсэлж байдаг. Харин хэрхэн ажиллаж байгаа дүр зураг буюу регистрийн утгууд, төлөв, зэрэглэл гэх мэт параметруудыг ажиллагч шинж чанарт хамааруулан авч үзээд процессын хуулбар /thread/ гэж нэрлэе.

Процессын хуулбар буюу хуулбар процессын мөн хөнгөн жингийн процесс ч /Lightweight process/ гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл процессын ажиллах явцад өөрчлөгдөж байдаг мэдээллийг л хуулбар гэж нэрлэнэ. Үйлдлийн системд процесс нэг буюу хэд хэдэн хуулбартай байж болно. Өөрөөр хэлбэл нэг процесс нь хэд хэдэн ажиллах шинж чанартай байж болно гэсэн үг.

Харин зарим үйлдлийн системд хэдийгээр олон процесс зэрэгцэн ажилллах боломжтой байдаг ч тэдгээр нь тус бүр нэг л хуулбартай байдаг. Ийм үйлдлийг системийн жишээ нь UNIX үйлдлийн систем юм. Ер нь үйлдлийн системийн онцлогоос хамааран процесс: хуулбар харьцаа нь хэд хэдэн янз байж болно.

Иймээс процесст байгаа хуулбарын төлөвийг тус, тусад нь тодорхойлж өгдөг байх хэрэгтэй. Хуулбарын төлөвийг
 Хуулбарын төлөв/ажиллах, бэлэн, түр зогссон..../
 Процессорын регистрүүд, ПТҮ
 Биелэлтийн стек
 Хуулбарыг өгөгдлийн муж
 Процессын санах ой дахь бие /хуулбар процессууд үүнийг хамтран эзэмшинэ/ гэх мэт бүрдэл хэсэгтэй гэж үзэж болно.

Хуулбар процессыг ашиглах нь процессыг дангаар нь ашигласнаас давуу талуудтай. Зарим давуу талуудыг дурьдвал:
 Хуулбар шинээр үүсгэхэд процесс үүсгэхээс бага хугацаа зориулна.
 Хуулбарыг устгах, хаахад процессыг устгах, хаахаас бага хугацаа зарцуулна.
 Хуулбар хооронд шилжих нь процесс хооронд шилжихээс хурдан байна.
 Нэг процессын орон зайд байгаа хуулбарууд хоорондоо харьцах үйлдэлд процесс хооронд харьцсанаас бага хугацаа зарцууна гэх мэт.

Мөн нэг процессын орон зайд байгаа хуулбарууд орон зайг нь эзэмшиж байгаа процесс нь түр зогсвол дагаж түр зогсох ба харин процесс нь уствал уг процессын хуулбарууд нь мөн устана. Нэгэн энгийн жишээгээр хуулбар процессыг тайлбарлая.

Процесс нь Их, Дээд сургуульд хичээл заах үйлдэл байг. Тухайн нэг процессоор боловсруулагдаж буй өгөгдөл /оюутан/ хэдий тухайн Их, Дээд сургуулийг төгсдөг боловч үнэндээ түүнд мэдлэг олгох үйлдлийг сургууль бус харин багш нар хийж байгаа.

Өөрөөр хэлбэл сургууль хэмээх процесс нь сургалт явуулах /ажиллах/ багш, сургалт явуулахад шаардлагатай нөөц /анги танхим, самбар..../ хэмээх 2 хэсгээс бүрдэж байна. Эндээс багш нарыг хуулбар процесс буюу процессын /сургуулийн/ биелэгч шинж чанал гэж ойлгож болно.

Шинэ процесс үүсгэхэд /шинэ сургууль байгуулахад/ ихээхэн хэмжээний үйлдэл хэрэгтэй. Жишээ нь: Байр, анги танхимтай болох, зөвшөөрөл авах гэх мэт. Харин шинэ хуулбар үүсгэх /шинэ багшү ажилд авах/ үйлдэлд үүнтэй харьцуулахад хамаагүй бага цаг хугацаа, нөөц хүч зарцуулна.


эх сурвалж: medeelel.mn